УРГИЙН БИЧГИЙГ СЭРГЭЭН ХӨТЛӨХ НЬ


Монголчууд эрт дээр үеэс уг удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай. Энэ тухай бид үе үеийн судар бичгээс харж болно. Тухайлбал, Монголын нууц товчоонд Чингис хааны дээд өвөг Бэртэ Чоноос эхлэн 500 орчим жил үргэлжлэх 20 үеийн намтрыг товчоолон дурдсан байдаг.
Энэ тухай XIV зууны эхэн үед Персийн түүхч Рашид-Ад-дин Судрын чуулган зохиолдоо “Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байв. Учир нь Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа гарлыг нарийн чанд баримталж, төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг заншилтай байжээ. Удам угсаагаа сайн мэдэж явдаг Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилгүй.” хэмээн бичсэн байдаг. XIX зууны их бичгийн хүмүүн Ванчинбалын Инжинаш “Хөх судар” хэмээх зохиолдоо “Үндэсээ үл мэдэх нь адгуус буюу. Тайж бөгөөд өвөг юугаа үл мэдэх нь мал буюу. Нүд буй бөгөөд түүх юугаа үл үзэх нь сохор номин буюу. Мэдэлтэй бөгөөд язгуур юугаа үл мэдэх нь мунхаг гахай буюу” хэмээн бичсэнээс Монголчуудын ураг удмаа эрхэмлэх, залгамжлуулах уламжлал тасраагүйг харж болно. Хаад язгууртнуудаас эхлэн эгэл ард хүртэл өөрийн ураг удмаа сайтар мэддэг, уламжлуулдаг байсан гэлцдэг. Үүний улбаа ардын аман зохиолд ч хадгалагдан үлджээ. Тухайлбал,  хүүхдийг чинь хараад улсын чинь ирээдүйг тааж болно, удам холдвол ухаан нэмнэ, удам сайтын угсаа сайн, ургаа мэдэхгүй хүн усаа мэдэхгүй малтай адил зэрэг олон хэлц хэллэг бидэнд уламжлагдаж иржээ. Бичиг номын хэрэгслэл дэлгэрсэн үеэс ураг удмынхаа түүхийг цээжлүүлэхээс гадна нэхий, даавуу зэрэгт тэмдэглэн үлдээдэг болсон байна. Харин эрт үеэс биднийг хүртэл уламжлагдаж ирсэн ургийн бичиг хадгалагдаж үлдсэнгүй. 1725 онд Манжийн Энх-Амгалан хаан монголын бүх тайж язгууртны ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрээр аваачин шатаасан гэдэг.[1] Өдгөө бидэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг нь 1905 онд хийгдсэн Сэцэн хан Шолойн ургийн бичиг Үндэсний номын санд хадгалаглаж байна. Уг бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11996 хүний нэрийг 5.3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн байна.
Ургийн бичиг нь цус ойртох, удам хэврэгшихээс баттай сэргийлэхийн сацуу өвөг дээдсийнхээ уг гарвал, угсаа язгуур, намтар түүх, үлгэр дуурайлал тэргүүтнийг үр хойчдоо таниулан сургаж, тэднийг үндэс угсаа, эх орноо хайрлах, түүх соёлоо дээдлэх, элгэн саднаа асрах ухаанаар хүмүүжүүлж, эрүүл биетэй, саруул ухаантай өсч бойжих үндэс нь болсоор иржээ. Ураг төрлийн дотроос хэн нэгэн нь тэрс хэрэг үйлдсэн бол удмын түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээдэг учраас үе дамжин хадгалагдах ургийн түүхэндээ хар толбо үлдээхгүй тулд хүн бүр хичээж, хэрэв ураг удмын дотроос ийм хүн гарвал эцэг өвгөдийн ариун нэрийг бузарлав хэмээн ихэд жигшдэг байсан бөгөөд нөгөө талаар энэ нь хүмүүжлийн асар их ач холбогдолыг өгдөг билээ. Ургийн бичгийг сэргээн хөтөлснөөр түүнтэй холбоотой олон уламжлалт ёс заншил сэргэн хэрэглэгддэг.

Монгол хүн бүр өөрийн ураг удмынхантай гэр бүл болохыг хатуу цээрлэж цусан төрлийн хоорондоос гарсан хүүхэдтэй айлд орохгүй тойрон өнгөрдөг хатуу цээртэй ард түмэн. Өөрийн ойр төрлийн хүнтэй гэр бүл болох нь ёс зүйн болон, эрүүл мэндийн их хор хөнөөлтэй байдаг. Өдгөө залуусын ихэнх нь өвөг эцгийнхээ нэрнээс цааш мэдэхгүй болсон нь цус ойртох эрсдлийг өндөрсгөж байна. Их дээд сургуулийн 2000 гаруй оюутнуудаас уг удмынх нь талаар асуухад 90% нь дөрвөөс дээш үеэ мэдэхгүй, өвөг эцгийн ах дүү нарыг танихгүй байна.[2] Доктор Э.Энхмаа 2010 онд Монголын хүн амын генетик тогтоцын судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаасан. Түүний судалгааны үр дүнгээс харвал цус ойртолт бүх аймгуудад өндөр хувьтай байгаа бөгөөд ихэнх тохиолдолд 4-5 дахь үедээ хоорондоо гэрлэж байна гэжээ.[3] Энэ нь Монголчуудын засаг захиргааны зохион байгуулалтын хэт жижиг бүтэц, газарзүйн хувьд хоорондоо алслагдмал, хүн амын хөдөлгөөнийг дэмжих дэд бүтэц сайтар хөгжөөгүй зэрэг нь цус ойртолтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Түүнээс гадна 1922 онд ургийн овог хэрэглэхийг хориглосноор уламжлалт овог, удмын тогтолцоо мартагдахад хүрчээ. Хүмүүс цусан болон ясан төрлийн хүмүүстэйгээ гэр бүл болсноор тэдний үр удамд нь генийн адилсал үүсч гомозегот генотипүүдийн тоо давамгайлж эхэлдэг байна. Ингэснээр бие махбодь болон, оюун санааны хувьд аливаа шинэ нөхцөлд дасан зохицох чадвар муутай, бүр цаашилбал удамшлын өвчин эмгэгтэй хүүхэд төрөх магадлал тун өндөр байдаг ажээ. Үүнийг бид цус ойртох гэж нэрлэдэг. Цус ойртож гэр бүл болсноор ураг зулбах, амьгүй хүүхэд төрөх, хүүхэд бага насандаа эндэх зэрэг төрөхийн болон төрсний дараах хүндрэлүүд гарах нь элбэг байдаг .
Өдгөө Монголчууд ургийн овгоо шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн бичгийг олон янзаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын овгийн тухай судалгааг хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан. Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар олон жил ургийн бичиг хөтлүүлэх явцад гарсан саналыг нэмэн боловсруулж ургийн бичиг хөтлөх дараах аргачлалыг санал болгож байна.
Ургийн бичгийн гол зорилго нь өөрөөс дээшхи ураг удмынханаа мэдэж авахаас гадна өөрийн үеийн үеэл, хаяалидаа сайтар мэддэг байхад оршиж байдаг. Тиймээс ургийн бичгийг үйлдэхдээ зураглал, намтар хоёрыг хамт бичих нь зүйтэй.
Ургийн зураглал. Ургийн Мод ч гэж нэрлэдэг энэхүү зураглалын зорилго нь танай ураг удамд байгаа хүмүүсийн тухай товч бөгөөд тодорхой /пасспортын/ мэдээлэл авахад оршиж байгаа юм. Ургийн зураглалыг тойрог, мод, хүснэгтлэн зурах зэргээр хийж болох боловч хүн бүрийн нэр, хүйс, гэр бүлийн байдал, амьд сэрүүн буй эсэх, үр хүүхдийн тоо, хүйс зэргийг зураглалаас хараад мэдэж болохуйц байх ёстой. Ихэнх ургийн бичигт олон хүний нэрс жагсаан бичсэн байх боловч дээрх мэдээллийг авах боломжгүй байдаг. Тухайлбал, Нямсүрэн, Жаргалсайхан, Баасанжав гэх мэт жагсаан бичсэн нэрсийг хараад эрэгтэй эмэгтэй хүний алин болохыг ч мэдэх боломжгүй байдаг. Үүний учир бид дараах зааварыг ашиглан зураглал хийхийг санал болгож байна (зураг 1-2)
 Монголчууд эцгийн шугамыг хатуу баримтлан зөвхөн эрчүүдийн үе залгамжийг тэмдэглэнэ. Нэг үеийнхнийг нөгөө үеийнхнээс, нэг хүний үр хүүхдийг нөгөө бусад ах дүүсийн хүүхдээс нарийн ялгаж, хэддүгээр хөвгүүн болох, төрсөн ба үрчилсэн, цол хоч, үр хүүхэдгүй өнгөрсөн, энх тунх аж төрж буй, бүрлээч болсон гэхчилэн тодорхой бичих буюу эсвэл тэр бүхнийг тусгай тогтсон тэмдгээр тэмдэглэдэг.[4]   
Намтар бичих. Ургийн зураглалыг хийсний дараа зураглалд орсон бүх хүмүүсийн намтрыг сайн мэдэх дээд өвгөөсөө өөрийн биеийг хүртэлх үе залгамжлагчдыг он цагийн дагуу байрлуулж, нэр алдар, цол хоч, овог яс, хэддүгээр хөвгүүн болох, төрсөн, нас барсан, гавъяа зүтгэл байгуулсан зэргийг дэлгэрэнгүй тэмдэглэдэг . Ингэж бичсэн түүх нь түүхэн үйл явдал, түүнд бие хүний гүйцэтгэсэн үүргийг тодорхой харуулдгаараа давуу талтай.[5] Намтрыг бичихдээ дараах асуултуудын дагуу энгийн хүүрнэх хэлбэрээр бичнэ. Үүнд, Хүн бүрийн тухайд:
-          Яс үндэс
-          Овог
-          Хэний хэн болох (Хэд дэх хүү, охин)
-          Төрсөн он, нас, хүйс, жил (Аргын болон билгийн тооллоор)
-          Төрсөн хот, аймаг, сум, баг, хороо
-          Төрсөн газар (Анх төрөөд хаана амьдарч байсныг бичнэ)
-          Үндсэн захиргаа
-          Эрүүл мэндийн байдал
А. Өвчин  (Удамшлын болон бусад)
Б. Хорт зуршил  (Тамхи татах, архи хэрэглэх, бусад)
-          Гэрлэлт  (Аль овгийн хэнтэй хэдэн насандаа гэрлэсэн)
-          Хэдэн хүүхэдтэй хэд төрсөн (Хэрэв эндсэн бол хэдэн насандаа ямар шалтгаанаар)
-          Өргөмөл хүнийг төрсөн эцэг эх, ах дүүг тодруулан тэмдэглэх
-          Онцгой авьяас, онцлог зан чанар
-          Гэм алдсан зүйл, ял шийтгэл
-          Хэзээ нас барсан, нас барсан шалтгаан
-          Тухайн хүнтэй холбоотой дурсамжит, сэтгэлд хоногшсон үйл явдал зэрэг болно. Мөн Монгол улсын засгийн газрын 1997 оны 17-р тогтоолоор ургийн бичиг хөтлөх журмыг баталсан бөгөөд уг журамд ургийн бичигт тусгавал зохих мэдээллийн жагсаалтыг гаргасан байдгийг харахад илүүдэхгүй.
Сүүлийн үед ургийн бичиг хөтлөхөд зориулсан дэвтрийг хэвлэлийн компаниуд үйлдвэрлэн худалдаалах болсон нь монголчуудыг уг удмаа сэргээх, шинээр хөтлөхөд ихээхэн дөхөм болж буй сайн талтай. Мөн мэдээллийн технологийн Старсофт ХХК ургийн бичиг хөтлөх программ хангамжийг бүтээж соёл уламжлалаа сэргээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн чухал үйл явдал болжээ.[6] Ургийн бичгийг хөтлөхөд маш олон хүнээс мэдээлэл цуглуулах, уулзаж ярилцахад хугацаа шаардах учир мэдээлэл харилцааны технологийн давуу талыг ашиглах нь үр дүнтэй. Тухайлбал, Сүүлийн үед ураг удмынханаа нэгтгэсэн нүүр номын бүлгэм үүсгээд түүгээрээ гэрэл зураг, бусад материалыг цуглуулдаг болжээ. Мөн Udam.mn сайтыг ашиглаж ургийн бичиг хөтлөх явдал сүүлийн үед нэмэгэж байна.
Ургийн бичгийг бич жилтэй хүн эхлэн хөтөлж тэр удам угсааны хамгийн нэр хүндтэй хүн хадгалж, төрөл саднаараа үе үе цугларч нэмж засдаг ёс бий. Монголчууд угийн бичгээсээ өөрсдийгөө төдийгүй, өндөр дээд өвгөө, ямар овог ястай, нэр устай хүмүүс явсныг шууд мэдэх бөгөөд хамгийн чухал нь өөртэйгээ нэг овог ястай хүнтэй ураг холбохыг хатуу цээрлэнэ. Есөн үе өнгөрөхөд овог задарч тухайн овгийн зонхилогч нэг хүү нь голомтоо сахин өөрийн овгоо авч үлдэж бусад үеэл, хаяалид нь гал таслан өрх тусгаарладаг ёс бий.  Тийнхүү есөн үе өнгөрснөөс хойш төрөл сунжирсан гэж үзэх бөгөөд өөрийн овог дотроо шинэ яс үүсгэж, урьдын овгоосоо ураглахыг цээрлэдэггүй.[7]
Монголчууд ураг удмынханаа бүгдийг хүндэтгэж авгайлдаг уламжлалтай. Хүн бүр угийн бичигтээ өөрөөс дээших 9 үеийн ясан болон цусан төрлийн өвөг дээдсээ оруулан хөтөлдөг үүнд:
1.      Өндөр өвөг                                  1. Өндөр эмэг
2.      Холбоо өвөг                                2. Холбоо эмэг
3.      Хулан өвөг                                  3. Хулан эмэг
4.      Элэн өвөг                                     4. Элэн эмэг
5.      Хуланц өвөг                                5. Хуланц эмэг
6.      Элэнц өвөг                                  6. Элэнц эмэг
7.      Өвөг эцэг                                                 7. Эмэг эх
8.      Эцэг                                              8. Эх
9.      Би                                                  9. Би
Ургийн бичгийг хөтлөхөд анхаарах зарим зүйлсийн тухай Монгол улсын гавьяат багш Д.Төмөр өөрийн туршлагаасаа хуваалцсаныг товчлон дурдвал “угийн бичигт тухайн овог, гэр бүлийн хамгийн дотоод нарийн нандин зүйлс бичигдэж зарим зүйлийг ч бусдаас нууцлах шаардлагатай. Тухайн овогт бусдад заавал дэлгэн тавих шаардлагагүй зүйл ч байдаг. Тийм учраас тэр бүгдийг бичилгүй, заримыг нууц хэвээр орхих хэрэгтэй. Шинээр угийн шастираа нөхөн бүрдүүлж буй бол өөрийн эцэг, эх хоёрынхоо аль алиных нь ясан хийгээд цусан төрлийн дээдсийн овгийг тодруулан мэдээд, нөхөн бичнэ. Одоохондоо бутач, эцгээ мэдэхгүй байлаа ч гэсэн төрүүлсэн эцгийн овгийг мэдэж авах, ядахнаа түүний төрөл төрөгсөд, үр хойчийг сурвалжлан мэдэж тэдэнтэй ураг холбохгүй байх нь үр удмаа эрүүл саруул байлгахад тань зайлшгүй шаардлагатайг анхааралдаа аваарай.
Мөн хойд эцэг эхтэй хүмүүс, хүүхдүүдийг угийн бичигт нь жинхэнэ төрүүлсэн эцэг эхийнх нь овог, яс, нэр усаар оруулан тэмдэглэх шаардлагатай.
хэмээснийг санахад мөн илүүдэхгүй.











[1] Д.Сэрдарам. Овог, ургийн бичгийн тухай лекцээс
[2] Залуусын ихэнх нь 19-27 насандаа гэр бүл болдог, оюутан ахуй цагтаа үерхэж нөхөрлөх нь элбэг байдаг учир тэд цус ойртох өндөр эрсдэлт бүлэг юм.
[3] Э.Энхмаа. Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл нас баралтын хам холбоог газарзүйгээр мөшгөн судалсан нь. УБ., 2010
[4] Г.Дашням, А.Очир. Монголчуудын угийн бичиг түүнийг сэргээн хөтлөх нь. УБ., 1991. т. 7
[5] Г.Дашням, А.Очир. Монголчуудын угийн бичиг түүнийг сэргээн хөтлөх нь. УБ., 1991. т. 7
[7] Г.Дашням, А.Очир. Монголчуудын угийн бичиг түүнийг сэргээн хөтлөх нь. УБ., 1991. т. 9

Comments